728 x 90

Анкарад зэвсэгтэй этгээдүүд халдсаны улмаас таван хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ

Анкарад зэвсэгтэй этгээдүүд халдсаны улмаас таван хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Турк улсын нийслэл Анкара хотоос 40 орчим км зайд байдаг төрийн мэдлийн батлан хамгаалах салбарын мэдэлд байдаг нисэх хүчний бааз дээр өчигдөр өглөө террорист халдлага гарлаа. Хар үүргэвчээр дүүрэн зэвсэг хийж үүрсэн хоёр этгээд нисэх хүчний бааз, үйлдвэрийн гаднаас эхлэн халдлага үйлдэж төв байр руу нэвтрэх хэсэгт хүрсэн байна.

Уг халдлагын улмаас таван хүн нас барж, 22 хүн шархадсан. Таван хүний дөрөв нь нисэх хүчний баазын ажилтнууд, нэг нь таксины жолооч байсан бөгөөд гэмтэж шархадсан хүмүүсийн долоо нь батлан хамгаалах нисэх хүчний тусгай офицерууд байна. Баазын гадаа буун дуу гарч, томоохон хэмжээний хүчтэй дэлбэрэлт болжээ.

Халдлага үйлдсэн хоёр хүнийг хэргийн газар дээр хороосон. Тэднийг PKK буюу Курдистаны хөдөлмөрийн намын зохион байгуулсан террорист ажиллагааг гүйцэтгэсэн гэж Туркийн эрх баригчид болон хэвлэлүүдээр мэдээлж байна. Курдистаны хөдөлмөрийн нам нь Турк, Сири, Иракт тархан суурьшсан курд үндэстнүүдийг салан тусгаарлаж, бие даасан улс болгох зорилготой босогчдын байгууллага юм. Тус байгууллагыг Турк, АНУ, Их Британи зэрэг улсуудад үйл ажиллагааг нь хориглож, террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан байдаг.

Гэхдээ одоогоор ямар нэг байгууллагаас тус халдлагыг зохион байгуулсан тухай мэдээлээгүй байна. Туркийн Батлан хамгаалах яам уг халдлагын дараа лхагва гарагийн орой Ирак, Сирийн хойд нутаг дахь курдын зэвсэгт босогчдын эсрэг агаарын цохилт өгчээ.

Хяналтын камерын бичлэг дээр хар үүргэвчтэй эрэгтэй эмэгтэй хоёр халдлага үйлдэж байгааг харуулсан. Тэд ажилчдын ээлж солигдох цагаар дайралт хийсэн. Энэ нисэх хүчний баазын ажилтнуудыг түр хорогдох газарт шилжүүлсэн байна.

Туркын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-д болж байгаа БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Уулзалтын дундуур Эрдоган эзгүй хойгуур нь болсон террорист халдлагыг жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Туркийн радио телевизийн зөвлөлөөс өчигдөр болсон халдлагатай холбоотой зураг, дүрс бичлэг, мэдээ мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнээс устгахыг зааварчилсан байна. YouTube, Instagram, Facebook, X зэрэг хэрэглэгч олонтой платформуудаас халдлагатай холбоотой зураг, мэдээг устгаж эхэлжээ. Учир нь энэ тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татах нь салан тусгаарлах, террорист үйл хэргийг өдөөх сэдэл болно гэж үзэж байна.

Эх сурвалж: ВВC

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ