Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр "АСА Арена"-д хийнэ. Тэрээр аваргын бүс хамгаалах тулааныхаа талаар өнөөдөр "Зууны мэдээ" сонины хэвлэлийн хурлын танхимд мэдээлэл өглөө. Түүний хувьд мэргэжлийн боксын 11 дэх тулаандаа ялалт байгуулж, WBA Америкийн аваргын бүсийг хүртээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эх орондоо ирсэн юм.
Э.Цэндбаатар "Бокс тоглоод 16 жил болж байна. Мэргэжлийн бокст тоглоод 2-3 жил болж байна. Энэ бүсийг авахын тулд WBA холбооны ерөнхийлөгч ирнэ. Монголд зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөж байна. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт босгох шаардлага тулгарч байгаа. Монголын ард түмэндээ ялалтыг харуулахын тулд миний хувьд ч гэсэн хичээж байгаа. Энэ тулаанаа хийхийн тулд нэгдүгээр сарын 15-нд АНУ руу буцаад хоёрдугаар сарын 10-нд буцаж ирэхээр болсон. Энэ тулааны дараагийн тулаан тавдугаар сард болно. Хэрвээ ялалт байгуулах юм бол дэлхийн аваргын төлөө тулалдах боломж нээгдэнэ. Миний хувьд хожигдолгүй байх ёстой. Хоёрдугаар сарын 15-нд болох тулаанд гавьяат тамирчин Н.Төгсцогт ах маань тулалдахаар болсныг дуулгахдаа таатай байна. Түүний эргэн ирэх мөчид Монголын ард түмнийг хамт байгаасай гэж хүсэж байна. Бэлтгэл сургуулилтын хувьд түүний хувьд маш сайн байгаа. Энэхүү тулаанаар миний үеийн залуус тулааныг жинхэнэ утгаар нь харуулна гэж бодож байна" гэсэн юм.
0 сэтгэгдэлтэй