Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах ёслол боллоо. Ёслолын арга хэмжээ Монгол улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхлэв.Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн 224 дүгээр зарлигийг уншиж танилцууллаа. Зарлигт “Чингис хаан” судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфордыг, Монгол Улсад хөрс судлалын салбарын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьж, энэхүү салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлсэн тул ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнахаар тогтсон болохыг дурдсан ба улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт шагналыг гардууллаа. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нар үг хэлсэн юм.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов
Төв аймгийн Баян сумын уугуул. Малчин гэр
бүлээс гаралтай. Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг 1957 онд төгсөж, дараа нь
Москвагийн их сургуульд Хөрс судлалын мэргэжлээр суралцсан. 1962 онд их
сургуулиа төгсөж ирээд, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар
ажлын гараагаа эхэлжээ. Монгол орны хөрсний зургийг хамгийн анх 2500000
масштабтай зохиож 1973 онд хэвлүүлсэн. Хөрс газарзүйн мужлал, ангилал, эвдрэл,
үндэсний атлас, Орос, Англи дээр хэвлэгдсэн Байгаль нуурын сав газрын атлас,
Монгол орны экосистемийн атлас, Монголын үндэсний нэвтэрхий толь, Хятад хэл
дээр хэвлэгдсэн олон үндэстнийг хамруулсан Монгол судлалын нэвтэрхий толь гэх
мэт 300 гаруй бүтээл туурвижээ. Жэк Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”
номын зохиолч. АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Улмаар Өмнөд
Каролинагийн их сургуулийг 1967 онд Улс төрийн шинжлэх ухааны бакалаврын
зэрэгтэй төгсөж, Социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан.
Одоо Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг. Тэрбээр ХХ зууны сүүл
үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн байна.
АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд
Чингис хаан судлалын
хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан. Тус
ном нь 20 гаруй орны хэл дээр орчуулагдаж,
энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болсон гэнэ.
2010 онд “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?”, 2016 онд “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг бүтээлүүдийг туурвисан ажээ. 2006 онд Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог "Алтан гадас" одонгоор шагнажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны "Хүндэт одон", Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнаж байсан байна.
"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг "Чингис хаан"одонгоор шагнадаг уламжилалтай.