Саудын Арабт хийсэн яриа хэлэлцээний дараа Украин 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын зүгээс цэргийн тусламж болон тагнуулын мэдээллээ эргэн сэргээхээ мэдэгдсэн нь Украин гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөх гол хөшүүрэг болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гал зогсоох хэлэлцээрийн нөхцөлийг ойрын хугацаанд ОХУ-д танилцуулж, Москва аль болох түргэн хариу өгсөн тохиолдолд хоёр дахь үе шатны хэлэлцээрт орно гэв. Ерөнхийлөгч Дональд Трамп ч ойрын хугацаанд ОХУ-ын тэргүүн Владимир Путинтэй ярилцана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Трампын тусгай элч Стив Виткофф ойрын өдрүүдэд Москвад очиж, Путинд гал зогсоох санал тавина. Кремлийн зүгээс гал зогсоох хэлэлцээрийг хүлээж авахад бэлэн эсэх нь одоогоор тодорхойгүй. Трамп, Путин нарын утасны яриа баасан гарагт болж магадгүй тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.