Жавар тачигнаж, гэр
хорооллын галлагаа эхэлсэнтэй
холбоотой айл өрхүүд угаартах, амь насаараа хохирох эрсдэл гардаг. Энэ жил ч
шахмал түлш түлээд угаартсан гэх дуудлага буурахгүй байна. Энэ төрлийн дуудлага мэдээллийг өнгөрсөн
онтой харьцуулахад 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний
амь нас хохирсон 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг тайлбарлахдаа “Хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас
шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ
хохирох асуудлууд гарч байна” гэдэг. Харамсалтай нь өвлийн улиралд дадал болсон
галлагаагаа олон өдөр хийчихээд нэг өдөр буруу түлээд угаартана ч юу байхав.
Өнөөдрийн хэрэглэж буй нүүрсний шахмал чанарын шаардлага хангахгүй байгаа нь
маргах аргагүй үнэн. Энэ шахмал түлшийг түлээд хоёр гурван жил болчихлоо. Хүн
угаартаад байна гэдэг иргэдийн буруугаас биш шахмал түлшний чанаргүйгээс гэдэг
нь нэгэнт тодорхой. Гэтэл энэ түлшийг асуудал болгохгүй угаартсан хүмүүс рүү тохоод
байдаг нь ямар учир байна вэ. Хил дамжуулан нүүрсээ гаргаж, харин өөрснөө урд хөршид хийсэн чанаргүй шахмал түлш түлж
үүндээ иргэдээ буруутгаад байдаг төр засаг гэж байх уу. Уг нь алдаа гарвал
үүнийгээ хурдан засах бүтээлч төр засаг хэрэгтэй баймаар байна. Дөргүй бух шиг
энэ сайн гэж хэлээд иргэдээ хүчээр түлүүлж, амь насаар нь эрүүл мэндээр нь
хохироодог энэ байдал хэзээ засагдах вэ. Хариуцлаггүйн зуд ярьдаг байсан бол
хүсэхгүйн зуд нүүрлэсэн төмөр нүүртэй, хүмүүнлэг бус хүйтэн амиа бодсон хүмүүсийг сонгосон бид яах
учиртай вэ.