Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Давааны-Ар багийн нутагт энэ сарын 21-нд самранд явсан 46 настай эмэгтэй Э сураггүй болоод ес хонож байна. Тухайн иргэнийг сураггүй болсон газар нь "Дуургын нуруу" гэх газар бөгөөд аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км-т байрладаг аж.
Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байсан бөгөөд энэ сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан бөгөөд дуудлагыг нөхөр нь онцгой байдлын газарт өгчээ. Эрлийн ажлыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан зохион байгуулж байна. Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Илүүрийн гол” гэдэг газарт энэ сарын 24-нд самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, 35 настай эрэгтэй сураггүй болжээ. Эрлийг тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн нь явуулж байна.
0 сэтгэгдэлтэй