Нүүрсний 440 их наядын хэрэг олны анхаарлын төвд орсон. Одоо энэ хэрэг
хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг хүлээж
байна. 440 их наядыг Монгол Улсын иргэн бүрт хуваарилбал 125 сая
төгрөг оногдож байгаа. Иргэдийн халааснаас хулгайлсан энэ асуудлыг Л.Оюун-Эрдэнийн
Засгийн газар лав шийдэж чадахгүй нь
тодорхой болов. МАН-ынхны хувьд энэ асуудал зүгээр л 2024 оны сонгуулийн бэлтгэл ажил болж өрнөх нь. Нүүрсний
хулгайн хэргээ дэлгэнэ илчлэнэ гэж байсан сайдууд ч таг болж Казиногийн тухай хуульд анхаарлаа хандуулж
байна. МАН-ын гишүүд бүгд энэ хуулийг дэмжиж байна гэнэ. Улс оронд үүнээс илүү тулгамдсан асуудал
байхгүй юм байх. МАН-ынхны нэг том асуудлыг
дэврээж олны анхаарлыг өөр тийш нь
чиглүүлж байгаад ар хударгаар нь хууль батлуулдаг танил технологи. Нүүрсний
хэргийн дуулианаар Казиногийн хууль гэсэн тактик явж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Улсын
ерөнхий прокуророос нүүрсний хэргийн тухай Ерөнхий сайдад хүсэлт ирүүлсэн гэнэ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
“Нүүрсний хулгай 2017 оноос хойш яригдаж байна. Эрдэнэс-Тавантолгой,
орон нутгийн Тавантолгой компани хоёрын хооронд зөрүү үүсч, мөргөцөг алга
болсон гэх асуудал яригдсан. Энэний ул мөрөөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтэст нүүрсний хулгайн асуудал шалгагдаж байгаа. Хоёрдугаарт,
нүүрсний тээвэртэй холбоотой үүсч буй олон нийтийн дунд эргэлзээ бий болсон.
Улстөрчдийн зүгээс гааль, хилийн орчимд үйл ажиллагаа явуулж буй төрийн
байгууллагын оролцоотой хийгдсэн гэх хардалтууд яригддаг” гээд хээв нэг ярьж байгаа юм. Бүхэл бүтэн хилээр нь
хэдэн тонн нүүрс ачигдаад алга болчихоод байхад мэддэггүй. Бас хийж буй мэдээлэлдээ өөрөө эргэлзээд байгаа ЗГХЭГ-ын дарга гэж байх уу.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хууль хяналтын байгууллага шийдвэрлэсний үндсэн дээр асуудал шийдэгдэх байх гэж харж байна. Засгийн газрын зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ чиглэлд ажиллаж байгаа. Мөн 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл Засгийн газарт ирээгүй. Энэ нь бодит тоо эсэхэд эргэлзэж байна” гээд элт өмгөөлөх аястай мэдээлэл хийж эхэллээ. Үүнийгээ талбайрлахдаа “Цар тахлын цаг үед улсын хилээр 6-7 сая тонн нүүрс гарсан. Засгийн газраас давхар хяналт шалгалт явуулж байна. Үүнтэй холбогдуулаад Ерөнхий сайдад Улсын Ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Энэ нь хоёр улсын прокурорын байгууллага Монгол Улсаас гарч буй нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах ажлыг хамтарч хэрэгжүүлэх саналтай байгааг дурдсан. Үүнийг Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж ажиллах талаар хүсэлт ирсэн. Ерөнхий сайд үүнийг Засгийн газрын хуралдаанд уншиж танилцуулж, энэ чиглэлээр асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болгосон” гэж байгаа юм. Бүх зүйл нь ил. Нүүрс ачсан том оворын машинууд нь хилээр “Prius” маркийн машин гэсэн тэмдэглэгээ хийгдэж гарсан, уурхайг ямар компани эзэмшдэг, аман дээрээс нь ямар компани нүүрс ачдаг, хэрхэн хилээр орж гардаг нь тодорхой байхад сүртэй шүгэл үлээж эхэлсэн нүүрсний хэрэг явцгүй болсныг харуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч
Ж.Ганбат мэдээлэл хийхдээ “Аравдугаар сарын 25-нд ажил хүлээн авснаас
хойш 341.5 сая ам.долларын үнэлгээтэй, 3.7 сая тонн нүүрсийг “Эрдэнэс
Тавантолгой” компани борлуулсан. Зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая
ам.долларын үнэ бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг
Ганшуунсухайт боомтоор экспортолсон. Өөрөөр хэлбэл, 800.000 тонн нүүрс Цагаан
хадан дээр үлдсэн. Цагаан хаднаас ачигдсан, Ганц модны боомтоор экспортод
гардаг нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Иймд ирэх даваа гаригт Боомтын сэргэлтийн
үндэсний хороонд хандан, нүүрс тээвэрлэлтийн машиныг нэмэгдүүлэх хүсэлтээ
тавьсан. Хятадын талтай Боомтын сэргэлтийн үндэсний хороо уулзахдаа асуудлыг
тавьсан, Цагаан хадан дээр овоороод байгаа нүүрсэн дээр ажиллана.
Оффтейк гэрээгээр экспортод гаргасан нүүрсний төлбөрийн 20 орчим хувь нь худалдан авагч талд үлдээд байсан. Худалдан авагч талтай ярилцсанаар 8 хувийг нь буцааж авч байна. 451 сая ам.долларын өр үлдсэн учраас энэ сардаа багтаан гаргахаар ажиллаж байна. Уурхайгаас ачигдсан нүүрс Цагаан хаданд буулгаж, түүнийг нь дахин тээвэрлэж хилээр гаргадаг. Нүүрсийг зөвхөн худалдан авагч тал хийдэг. Аман нөхцөлөөр худалдан авагч тал хариуцаж байгаа юм. Тэгэхээр хэний, аль компанийн, ямар автомашин нүүрс тээвэрлэж байгааг бид огт мэдэхгүй. Ирэх оноос төмөр зам, авто тээврээр “Эрдэнэс Тавантолгой” компани өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно. Тээвэрлэлтийг зөвхөн монгол тээвэрчид хийнэ, маш нарийн зохион байгуулалттайгаар ажиллах шаардлага байгаа. Одоо тээвэрлэлтэд маш их хүндрэл үүссэн. Учир нь өмнө 200 автомашин тээвэр явж байсан бол одоо 700-800 машинаар нүүрсээ тээвэрлэхэд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болж байгаа гэж хэлж байгаа юм.
Уул нь нүүрсний хэргийг тойрсон албан хөгийн мэдэгдлүүдийн оронд яагаад хулгайч нарийг баривчилж, хөрөнгийг нь хурааж чадахгүй байна вэ. Яагаад энэ хэрэгтэй холбоотой УИХ-ын гишүүдээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгаж чадахгүй байна. Хулгайчдаасаа ард түмний мөнгийг авч чадахгүй болтлоо эрх ашиг нэгтэй болсон юм бол энэ Засгийн газар огцрох хэрэгтэй.
УИХ-ын “хулгайч” гишүүдийг сонгосныхоо төлөө, өлсөж ядарч байгаа ард түмэн, ирээдүй хойч үеийнхээ
төлөө харамсаж байна.