Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон гэх асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны дэргэдэх МСҮТ-ийн захирал Б.Ганзориг тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Зундуйн Төмөртөмөө түүнийг харааны бэрхшээлээр нь доромжилсон гэв.
МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны дэргэдэх МСҮТ-ийн захирал Б.Ганзориг:
"Уран ган"-ы дэргэд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр байдаг ба эргэн тойрны зам, талбай шавар шавхай ихтэй, хараагүй иргэд зорчиход төвөгтэй байдаг. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө даргад уламжлахад биечлэн танилцаад Азийн банкны санхүүжилтээр "Цэвэр агаар сан" төслийн хүрээнд тохижилт хийлгэхээр болсон.
Бид зураг төслийг дахин гаргуулж, зохих бүх шат дарааллын дагуу явсаар энэ долдугаар сарын сүүлээр буюу сарын дараа эцэслэн батлуулж чадсан. "Цэвэр агаар" сангаас санхүүжилтээ хүсэхэд хугацаа өнгөрсөн, одоо өгөх боломжгүй гэсэн. Олон жил хийлгэхсэн гэсэн бодолтой явсан, тохижилтоо сайжруулах итгэл үнэмшилтэй байсан бидний хувьд урам хугарч, итгэл алдрав. З.Төмөртөмөө даргад хандахад зураг төслөө удаасан тул уулзах боломжгүй болсон гэсэн. Гэтэл сошиал орчинд З.Төмөртөмөө дарга хараагүйчүүдийг хуурсан гэх агуулга бүхий мэдээлэл нэлээн тархахад тэр өнгөрөгч пүрэв гарагт над руу залгаад "Чи аятайхан байгаарай" хэмээн заналхийлэхэд нь "Нүүр нүүрээ харж байгаад ярья" хэмээхэд минь "Чи хүний нүүр харах уу" гэж доромжилж, даапаалсанд гомдолтой байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй хандлага, үг байлаа. Хараагүй хүмүүст байрных нь гадна тохижилтыг нь хийж өгнө гэж шоу хийж, сэтгэл хөдлөлөөр хандаад амлалтаа биелүүлэхгүй байхын сацуу хөгжлийн бэрхшээлээр минь доромжилсон үйлдэл боллоо гэв.
Тиймээс төрийн албан тушаалтан иргэдийг ялгаварлан гадуурхсан гэж үзсэн тул Монголын хараагүйчүүдийн холбооноос дараах шаардлагыг хүргүүлжээ.
- Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөг огцруулж, хэлсэн үгэндээ олон нийтийн өмнө уучлалт гуйх
- Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байрны гаднах тохижилтыг хийх
- НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хэрэгжилтэд анхаарах
- 2023 оны V сард амласан, хараагүйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзах хэмээжээ.