Нэр бүхий арилжааны есөн банк ипотекийн зээл олгохдоо иргэдээс 1%-ийн шимтгэл авсан нь хууль бус болох Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээлээ. Уг шийдвэрийн талаар хуульч О.Батхүү, С.Ялалт нар өнөөдөр Дээд шүүхийн гадаа мэдээлэл өглөө.
Хуульч О.Батхүү "Монгол Улсад ипотекийн зээлтэй 115,000 иргэн бий. Энэ хүмүүст банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон.
Нэр бүхий есөн банк уг шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хүлээж авахаас татгалзлаа. Өөрөөр хэлбэл банкууд хууль зөрчсөн гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдож байна.
Уг асуудлыг анхааралдаа авч, нэг жил гаруй цаг, хөдөлмөрөө зарцуулсан ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун, Н.Мандуул нар болон хуулийн хэлтсийнхэнд баярлалаа.
Улсын дээд шүүхээс уг шийдвэрээ цаасаар гаргаснаар албажна. Шүүхийн шийдвэрийг ААН, байгууллагууд сайн дураар биелүүлэх үүрэгтэй.
Банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлж, ипотекийн зээл авсан иргэдийн нэг хувийн шимтгэлийг буцаан шилжүүлэхгүй бол бид ШШГЕГ-т хандаж, албадан гүйцэтгүүлнэ.
ШӨХТГ-аас хийсэн шалгалт нь 2021 оны долдугаар сарын 1-нээс хойших хугацаанд шимтгэл авч болно, үндэслэл бүхий байна гэдэг заалтаар хийгдсэн. Энэ хугацаанд ипотекийн зээл авсан иргэдээс нэг хувийн шимтгэл авсан нь хууль бус юм байна гэдгийг шүүх тогтоочихлоо.
2021 оны долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл авсан иргэд банкууд нэг хувийн шимтгэлээ буцаан шилжүүлэх хүртэл хүлээгээд байж байна гэсэн үг. 1-2 сарын хугацаанд шимтгэлийг шилжүүлэхгүй бол албадан гүйцэтгүүлнэ.
2013 оноос өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд ипотекийн зээл авсан хүмүүс хамаарах уу гэж иргэд асууж буй. Би хамаарна гэж үзэж байна. Тэгвэл 1995 оны хуульд банкууд зээл судалсны шимтгэл авч болно гэдэг заалт байхгүй. Өөрөөр хэлбэл огт авч болохгүй шимтгэлийг 2021 он хүртэл иргэдээс авч, тус онд өөрчлөлт оруулаад шимтгэл авч болно гэж хуульд өөрчлөлт оруулсан. 2021 оноос өмнө зээл авсан иргэдийн хувьд 2013 оноос орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилтийн тодорхой хувийн Засгийн газрын буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон байдаг. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ авах ёстой, банкууд өгөх, өгөхгүй нь тусдаа асуудал" хэмээн ярилаа.
Хуульч С.Ялалт "Захиргааны хэргийн шүүх, анхан болон давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийдвэр дээр тодруулж хэлье.
Монголбанкнаас баталсан ипотекийн зээлийн журмын дагуу арилжааны банкууд шимтгэлд шингээж болох 8 төрлийн зардал байдаг. Уг зардлыг зөвхөн зээлийн үйл ажиллагааг явуулахад зарцуулах ёстой. Гэтэл ажилтны цалин хөлс, ЭМД, НДШ, элэгдэл хорогдлын зардал, банкуудын түрээсийн зардлыг зээлийн нэг хувийн шимтгэлд шингээж байгаа тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Монголбанканд хандаж нэг хувийн шимтгэлд ямар төрлийн зардал багтаж буйг тодруулсан боловч нэг талд гарсан тодорхой хариу өгөхгүй байгаа юм.
Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлд орох зардалд маргаан үүсэж магадгүй. Арилжааны банкууд нэг хувийн шимтгэлд ямар зардал оруулж буйгаа нотолж чадахгүй бол нэг хувийн шимтгэлийг иргэнд бүхэлд нь өгөх, журмын дагуу авах шимтгэлээ тодорхой нотолж чадвал авах ёстой шимтгэлээ аваад бусдыг нь олгоно гэж ойлгож болно" хэмээв.
0 сэтгэгдэлтэй