728 x 90

БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарна гэж Ким Чоль Сан хэлэв

БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарна гэж Ким Чоль Сан хэлэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч ноён Ким Чоль Сан-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор иргэд харилцан зорчих нөхцөл, манай иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй зэрэг асуудлаар ярилцжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 01-нээс 2024 оныг дуустал БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногийн хугацаанд визээс чөлөөлөх шийдвэрийг гаргаснаас хойш Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгос жуулчдын тоо нэмэгдэж буйг дурдав.

Тэрбээр манай улсын иргэд БНСУ-д зорчих виз авахад гарч буй хүндрэл бэрхшээл, нэн ялангуяа сүүлийн үед хил дээрээс иргэдийг буцаах тохиолдол нэмэгдэж байгаад харамсаж буйгаа илэрхийлж, энэ нь иргэдэд санхүүгийн болон сэтгэл санааны хохирол учруулж байгаа тул асуудалд БНСУ-ын ЭСЯ болон төр, засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээ авахыг хүслээ.

Хэргийг түр хамаарагч Ким Чоль Сан үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлж, тус улсын ЭСЯ нь Монгол Улсын иргэдийн виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ирснийг дурдав.

Тухайлбал аяллын виз мэдүүлэхэд тавигдах шаардлагыг бууруулж, эмчилгээний зорилгоор зорчих иргэдэд шуурхайлсан журмаар виз олгох, олон удаагийн визийн хамрах хүрээг нэмэгдүүлснийг мэдэгдээд цаашид иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх болон БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллахаа илэрхийллээ.

"Иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцаах тохиолдол нь тухайн иргэд өмнө нь БНСУ-ын хууль тогтоомж зөрчсөн, визийн хугацаагаа хэтрүүлэн оршин суусан, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, буцах онгоцны тасалбаргүй, БНСУ-ын виз мэдүүлэхдээ өгсөн мэдээлэл нь хил нэвтрэх үедээ өгч байгаа мэдээллээсээ зөрөх зэрэг шалтгаантай байна. Мөн БНСУ-д ирж байгаа зорилгоо бүрэн, тодорхой тайлбарлаж байгаа зэргийг харгалзан тус улсын Шалган нэвтрүүлэх цагаачлалын албаны зүгээс ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэхийг шийдвэрлэдэг болохыг ЭСЯ-ны зүгээс иргэдэдээ анхааруулахыг хүсэв" гэж ГХЯ-аас мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ