Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 20 гаруй сурагч энэ сарын 21-нд ангидаа байхдаа хордсон хэрэг гарсан. Хордлого илэрсэн гэх тухайн ангийг цагдаагийн байгууллага битүүмжлэн шинжилгээ хийсэн бөгөөд хордлогын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллана гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Хордлого юуны улмаас үүссэн талаарх дүгнэлт гарсан эсэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгөөс тодруулахад "Сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдсон. Урьдчилсан дүгнэлтээр, анги танхимын агаарын чийгшил болон агаар сэлгэлт бага, ариун цэвэр хангалтгүй, анги дүүргэлт их байсны улмаас нүүрс хүчлийн хийн агууламж ихэссэн нь тогтоогдсон. Улмаар ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон. Агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдсан химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан" гэлээ.