Афганистаны Херат хотын ойролцоо өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Удаа дараалсан хүчтэй газар хөдлөлтүүдийн дараа гурав дахь газар хөдлөлт өнгөрсөн бямба гарагт болжээ.
АНУ-ын Газарзүйн судалгааны газар сүүлийн газар хөдлөлт Херат хотоос 30 орчим км-ын зайтай, хөрсний гүний 6,3 км-т 6.3 магнитудын хүчтэй хөдөлсөн гэж тогтоожээ. Бямба гарагийн газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн хүчтэй газар хөдлөлтүүдийн улмаас Афганистаны Херат мужид 1,000 орчим хүн амь эрсэдсэн. Тэдгээр амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх буюу 90 орчим хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байгааг НҮБ-ын хүүхдийн агентлаг мэдээлжээ.
Нурангид дарагдаж ор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажлыг орон нутгийн оршин суугчид хүрз барин нүцгэн гараараа үргэлжлүүлж байна. Орон гэр, хайртай дотны хүмүүсээ алдсан иргэд сэтгэл санааны гүн цочролд орсноос гадна түр хорогдох газар хүрэлцээгүй байгаа тул гадаа унтаж, өдөр хоногийг өнгөрөөж байгаа ажээ. Афганистаны төрийн эрхийг 2021 оноос хойш булаасан Талибаны бүлэг иргэдэд шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг хангаж чадахгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
0 сэтгэгдэлтэй