11 хүнд холбогдох нүүрсний гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Энэ үеэр яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүхэд хандан хүсэлт гаргалаа.
Тэрбээр "Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Хамаг биеэр юм туурсан. Хуучин идээ гараад байсан. Гэтэл одоо идээ гарахаа больсон, хоёр хөл явахад хэцүү болоод байна.
Миний тууралт ясандаа хүрэх гэж байна гээд 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан. Миний уруул, буйл, гар үзүүрээсээ хөхрөөд эхэлж байгаа. Ямар нэгэн хордлоготой холбоотой зүйл байж магадгүй. Цусны шинжилгээ авсан боловч надад хариуг нь өгөөгүй, хэвийн гарсан гэдэг зүйл л хэлсэн.
Хоёрдугаар шатлалын эмнэлэгт арьс, биеэр гараад байгаа зүйлүүдийг эмчлүүлэх шаардлагатай байна. Миний бие иймэрхүү зүйл яриад байдаггүй. Асуудлаас зугтаж биш зүтгэж ард нь гардаг. Өөрийгөө цагаатгах байр суурьтай энэ шүүх хуралд орж байгаа. 124 хавтаст материалд намайг буруутгах зүйл огт байхгүй.
Зөвхөн гэрчийн мэдүүлгүүдийг сольж авсан зүйлүүд байгаа. Уг нь мөрдөх ажиллагааны явцад янз бүрийн зүйл тогтоогдсон болов уу гэж 11 сар хоригдсон. Гэтэл 124 хавтсыг хараад харамссан. Хавтсыг хавтаст хэрэг болгохын тулд л ийм зүйл хийсэн. Үүний 78 хавтас нь хэрэгсэхгүй болсон.
Тиймээс миний хүсэлтийг хүлээн авна уу. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэхэд ямар ч асуудал байхгүй. Зугтана гэсэн ойлголт над шиг хүнээс хэзээ ч гарахгүй. Би зөвхөн Монголдоо л байдаг хүн.
Дараа нь асуудал гарсан ч та нар эрүүл хүн шүүгээд явуулчихад хэрэгтэй болов уу. Сүүлийн үед чичирдэг болчхоод байна. Хамаагүй хөдөлж чадахгүй байгаа. Хоёрдугаар шатлалын эмнэлэг үнэхээр болохгүй байна. Саяхан тав хоног хэвтүүлэхэд хордлого тайлах шингэн л хийсэн" хэмээв.
0 сэтгэгдэлтэй