Нас барсан хүний нэрээр найман жил халамжийн мөнгө авсан хэрэг прокурорын байгууллагад шилжлээ. Иргэн “А” нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 сар хүртэл халамжийн тэтгэврийг сар бүр авсан байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйл.Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах
1.Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.их хэмжээний нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
0 сэтгэгдэлтэй