728 x 90

Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргосон шувууд маань томилсон шүүгч нартаа захиж байгаа

Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргосон шувууд маань томилсон шүүгч нартаа захиж байгаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "


Авлигын голомтыг тастахгүйгээр шинэ 30 жилийг бид цогцлоох боломжгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах, ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаасаа цутгаж, усны түвшин өдрөөс өдөрт дээшилсээр байна. 30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бий болж, нийгмийн сэтгэл зүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна. 

Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө,  нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна. 


Гэхдээ үүнийг ордон дотор ч биш олон нийт ч гярхай олж харсан байна. Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, Евро бондын 500 сая ам.долларын өрийг саяхан төллөө. Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн гинжин хэлхээний дараа гарч байна. Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох зүйлгүй. Мөн төлбөрийн тэнцэл анх удаа эерэг гарлаа" гэв. Мөн хуулийн төслийн талаар "


Шүүх байгуулах тухай нийгмийн мэтгэлцээний эхлэл цэг байгаасай гэж хүсэж байна. Авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Дэлхийн 27 улс авлигын эсрэг дагнасан шүүхтэй.  Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шударга ёсны илд байна хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна. Тэтгэвэрт хамтдаа гараад ард түмнийхээ дунд зүгээр л инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө авлигыг бид заавал ялах ёстой. Улстөрчид та бүхнийг би үнэн байхыг уриалж байна. Телевизийн камерын өмнө нэг өөр хөшигний ард бас нэг өөр битгий байгаасай.


 Дотоод итгэл үнэмшлээрээ чин сэтгэлээсээ авлигын эсрэг тэмцэлд нэгдэхийг хүсэж байна. Энэ бол та бидний ирээдүйдээ өвлүүлэн үлдээх хамгийн чухал үүрэг юм" гэж Ерөнхий сайд хэлэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ