“Оюуныг
тэтгэж жаргал бэлэглэнэ” уриатай “Монгол тв” телевиз анхныхаа олон ангит киног
өлгийдөн авч, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо. Америкийн нэгдсэн улсын
хамгийн олон үзэгчтэй цувралаар шалгарч,АНУ-аас гадна дэлхийн 3 улсад албан
ёсны эрхтэйгээр хийгдэж байсан “Suits” олон ангит уран сайхны киног “Монгол тв”
телевиз албан ёсны эрхтэйгээр, БНСУ-ийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран зураг
авалтаа хийж гүйцэтгэлээ. Ийнхүү дэлхийн шилдэг цувралыг Монгол хувилбараар
бүтээсэн “SUITS” олон ангит уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийж байна.
АНУ-ын NBC Universal компанийн бүтээл Suits
цуврал нь АНУ-аас гадна дэлхийн 3 оронд албан ёсны эрхтэйгээр бүтээгдэж хамгийн
их үзэлттэй цувралаар шалгарсаар байна
АНУ-ын NBC Universal компанийн бүтээл Suits цуврал нь 2011 онд эхэлж, 2019 он хүртэл есөн улирлын 134 ангийг олны хүртээл болгожээ. Хар тамхины наймаанаас болж их сургуулиа орхисон чадварлаг өмгөөлөгч Майк Росс Нью-Йорк хотын шилдэг хуульчдын нэг Харви Спектертэй хамтран ажиллаж байгаа талаар өгүүлдэг тус цуврал нь гарсан цагаасаа хойш олон амжилтын эзэн болсон. Тухайлбал, эрэгтэй үзэгчдийн дундах судалгаагаар 2011 оноос хойших АНУ-ын хамгийн өндөр үзэлттэй цуврал, Netflix дээр зургаан долоо хоногийн турш 20 тэрбум минутын үзэлт авсан бүтээл, Netflix Америкийн “Шилдэг цуврал”-аар тус тус шалгарч байв. Мөн уг цувралыг Өмнөд Солонгос, Япон, Саудын Арабын телевиз, студи албан ёсны эрхтэйгээр бүтээсэн бөгөөд KBS 2 телевизийн хувилбар гэхэд л эфирт цацагдсан цагаасаа хойш нийт дөрвөн тэрбум минутын үзэлт авч, тус телевизийн К-Драмууд дундаас эхний аравт жагсаж байжээ. “Монгол тв” телевиз “SUITS” олон ангит киног эх орондоо албан ёсны эрхтэйгээр бүтээлээ. Манай улс тус олон ангит киноны албан ёсны эрхийг авч бүтээсэн дөрөв дэх орон болж байгаа бөгөөд зураг авалт нь дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Албан ёсны эрхээр бүтээж байгаа “Монгол тв” телевизийн кино багт 100 орчим арын албаны ажилтан, 200 гаруй гол болон туслах жүжигчин ажиллаа.
Гол дүрүүдэд:
Э.Чинзориг, О.Самданпүрэв, Н.Баярмаа, Б.Мөнхнаран,
Б.Ариунцэцэг
Монголын кино урлагийн салбарт шинэ дэвшил, өнгө төрхийг
бий болгохоор зорьсон уг бүтээл эх хувилбартайгаа ижил байх ч, үнэний төлөө
тэмцэх, шударга өмгөөлөгчдийн дүрүүдээр Монголын хуулийн ертөнцийг таниулж,
анги бүрээр нийгэмд тохиолдож буй асуудлуудыг илэрхийлэхээр зорьсон юм.
“SUITS” олон ангит киног бүтээхэд БНСУ-ийн
шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаа
Монгол хувилбарын ерөнхий продюсероор Өмнөд Солонгосын “Кино продюсерын холбоо”-ны Дэд ерөнхийлөгч, K-arts буюу Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийн Кино тэнхимийн эрхлэгч Чой Юн Бэ ажилласан юм. Түүний хувьд Өмнөд Солонгос улсаас анх удаа Оскарын кино наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн Бун Жүн Ху найруулагчийн “The Host” киноны ерөнхий продюсероор ажилласан туршлагатай төдийгүй Солонгосын кино урлагийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж буй. Ерөнхий найруулагчаар 2021 онд “I don’t fire myself” киног найруулж, 2010 оноос хойш Солонгосын “комикс” зохиолуудын зохиолч, продюсероор ажиллаж байгаа шилдэг уран бүтээлчдийн нэг болох И-Тэ-Гём ажиллаа.
Мөн зөвлөх зураглаачаар Өмнөд Солонгосын хамгийн анхны гадаадад төгссөн зураглаачдын нэг, 30 жилийн туршлагатай зураглаач Ким Хён Гү ажиллаа. Эвлүүлгийн найруулагчаар Оскарын шагналт Бун Жүн Ху найруулагчийн Snowpiercer бүрэн хэмжээний бүтээл, Money Heist цувралын Солонгос хувилбар дээр ажилласан Чүэ Мин Ён ажиллаа. “SUITS” олон ангит кино нь 12 ангитай бөгөөд үзэгч долоо хоног бүрийн ням гарагт 19.30 цагаас хүлээн авч үзэх боломжтой. “SUITS” олон ангит киноны Монгол хувилбарын нэгдүгээр анги 12-р сарын 3-ны ням гарагт 19:30 цагаас “Монгол тв” телевиз болон ORI платформоор үзэгчдэд хүрнэ.
0 сэтгэгдэлтэй