Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хамтран боловсруулах санамж бичигт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын үе шаттай реформууд, авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн тухай 4-5 салангад хууль сүүлийн 10 орчим жил яригдаж ирсэн. Энэ салангад төсөл, концевциуд зарчмын хувьд нэгдэж байна.
Өнөөдөр бид олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа.
Үндэсний баялгийн сан нь
Ирээдүйн өв сан
Тогтворжуулалтын сан
Хөгжлийн сан
Хуримтлалын нэгдсэн сангаас бүрдэнэ.
Норвегийн баялгийн сангийн жишигт тулгуурлан хуулийг төсөл боловсруулахаар улс төрийн намууд тохиролцлоо.
Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяа Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой болон цаашид ашиглах стратегийн томоохон төслүүдийн 34 хүртэлх хувь нь Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар зарчмын тохиролцоонд хүрлээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг үүсгэсэн байгалийн баялгийн лицензийн хуваарилалт, нийслэл болон БОАЖЯ-ны газар олголт, өмч хувьчлалын талаар нийгэм бодитой дүгнэлт хийж чадвал эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх суурь нөхцөл болно.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2012.04.11-ээс хойш төрсөн иргэдэд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
Эрдэнэс Тавантолгой ХК 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах дүн гарч байна. Татварын өмнөх дүнгээр тооцож, 2022 оны ногдол ашигт иргэн бүрт дундажаар 116 000 төгрөг шилжүүлэх боломж бүрдсэн.
2023 оны ногдол ашигт 286 000 төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлагдах үед энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ.
0 сэтгэгдэлтэй