Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр С.Зориг нас барсны маргааш өдөр нь хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны протоколыг улсын нууцаас гаргах шийдвэр гаргажээ. Учир нь ЦЕГ-аас тус ээлжит бус хуралдааны протоколыг ил болгох хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьжээ.Энэ дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ярилцаад ийн шийдвэрлэсэн байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 аравдугаар сарын 02-нд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ өдрийн маргааш буюу аравдугаар сарын 3-ны өдөр нь Засгийн газар эл асуудлаар ээлжит бус хуралдаан зарласан байдаг. Энэ хуралдаан дээр хэн юу гэж хэлсэн зэргийг ил болговол С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ахиц гарна гэж үзэж байгаа бололтой.
Тэр өдөр дараагийн Ерөнхий сайд хэн болох, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хууль хяналтын байгууллагаар яаралтай шалгуулж, үнэн мөнийг тогтоолгох зэрэг асуудлыг ярилцсан гэдэг.
1998.10.03-ны байдлаар:
- Ерөнхийлөгч Н.Багабанди
- УИХ-ын дарга Р.Гончигдорж
- Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар ажиллаж байв.