Ховд аймгийн Алтай сумын залуу малчин Ю.Тамир малдаа яваад сураггүй болжээ. Малдаа яваад 24 цаг орчим гэртээ ирээгүйд ар гэрийнхэн нь санаа зовж эхэлсэн байна. Харин залуу малчин малтайгаа гэр рүүгээ явах үед цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан төөрсөн байна. Улмаар залуу баримжаагаа алдаж, даарч эхэлсэн учир яах учраа олохгүй нөмөр газар бараадахаар хайж эхэлжээ. Мориноосоо буун явган алхаж, харганы ёроолд олж хэвтсэн аж. Ойролцоогоор 24 цаг орчим гадаа байсны дараа гэртээ ирж эмнэлгийн тусламж авсан байна. Үүнээс болж түүний хөл гар зарим хэсгээрээ хөлдсөн байжээ. Одоо тэрбээр гэртээ эмчилж байгаа юм байна. Үүнийг сонсон Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, хотоос ирсэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг авч гэрт нь очжээ. Тэд Ю.Тамирт “Хүмүүнлэг залуу” хэмээх медаль гардуулсан байна.Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Улаан загалмайн нийгэмлэгээс Ю.Тамирыг хүмүүнлэгийн үйлсэд залуучуудаа манлайлж, үнэтэй хувь нэмэр оруулсан тул “Хүмүүнлэг залуу” алтан медалиар шагнаж байна. Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа гэсэн гарын үсэгтэй шагналыг гардуулъя” хэмээжээ.