Иргэд жагсаад 19
дэх хоногтойгоо золгож байна.Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж тэд ядуу
зөдүү амьдарч буйгынхаа шалтгаан, байгалийн баялагийг тонон дээрэмдсэн нүүрсний
хулгайч нартай хариуцлага тооц хэмээн жагссан. Жагсагчдын 18 дахь өдөр нийтийн сонсгол
явуулсан боловч үр дүнгүй боллоо. Бухимдсан иргэдийн 18 дахь өдрийн жагсаалыг цагдаагийн
байгууллагын хэв журмын цагдаа нар ирж тарааж, төрийн сүрийг үзүүлэв. Яах гэж
цагдаа нарыг ийн олноор нь цуглуулж сүрийг үзүүлэв...?
Жагсаалын 18-ны өдөр "Нүцгэлсэн иргэдийг бусдаас мөнгө авсан хэмээн буруутгаж, Сүхбаатар дүүргийн нэгэн ресторанаас Э гэх эмэгтэйг баривчилсан гэнэ. Нүцгэлсэн иргэдийг санхүүжүүлсэн АТГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжилж байна" гэсэн мэдээлэл түгээв. Үнэн худлыг нь мэдэхгүй ч гол нь ийм шуумыг хэвлэл мэдээллийн байгууллагаар тараалгав. Харин тэр нь бараг Ванга шиг хэлье гээд олон нийтийн сүлжээгээр хэлж байх юм. Харин авилга авсан, нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнууд УИХ-ын гишүүд сураггүй. Нийтийн сонсгол дээр иргэд, зарим байгууллагын удирдлагууд хэн энэ хэрэгт холбоотой гэдгийг нэр устай нь хэлсэн. Бүр нэр цохсон шүү. Харин АТГын дарга З. Дашдаваа "Бид эхний ээлжид оффтейк гэрээ, зөвлөмжтэй холбоотой асуудлыг шалгаж, хуулийн нүдээр харж, мэргэжлийн шинжилгээг хийнэ. Энэ хүрээндээ санхүү эдийн засгийн алдагдалтай, гэмт хэргийн шинжтэй, бусдад давуу байдал олгосон гэсэн шинжээчийн дүгнэлт гарвал асуудлыг хуулийн хүрээнд авч үзнэ. Мөрдөн байцаагчид дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Мэргэжлийн экспертүүд баг ажиллана. "Эрдэнэс Тавантолгой" компанийн үе үеийн удирдлагуудыг шалгана. Сүүлийн 10 жилээс эхлэн мөрдөн шалгана. Хэн нэгэн этгээдэд ял завшуулж, хэлмэгдүүлэхгүй. Зарим хүмүүсийг хилээр оргосон гэдгийг яаж шалгах вэ. Эхнээсээ шалгаж байгаа. Бид яллагдагчаар татсан байхад мэдэгдэлгүйгээр хилээр гарсан бол асуудалд өөрөөр хандана. Бидэнд тодорхой мэдээлэл өгч, хэрэгт саад учруулахгүй бол хилээр гарах боломжтой. Мөрдөгч тухайн хүнийхээ асуудлыг мэдэж, хилээр гаргасан. Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 50 хүнийг яллагдагчаар татсан" гэсэн юм. Энэ дотор иргэдийн мэдээд байгаа жинхэнэ “нүүрсний хулгайчид” нь байсангүй. УИХ-ын гишүүн болон төрд албан тушаал хашиж буй хүн огт байгаагүй нь иргэдийн буримдал зэвүүцлийг хүргэсэн юм. Нүүрсний хулгайч нарын тухай сошиалаар өөрийн бодлоо хэлж буй хүн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Тэрбээр хоёр хоногийн өмнө нүүр номоороо дамжуулан “Нүүрсний хулгайн хэргийг эзэн биегүй болгох, жинхэнэ хулгайч нараас холдуулах, саармагжуулахын тулд өргөн хүрээтэй “гөлөг төөрүүлэх” ажиллагаа явж байна. Үнэнийг худал болгох, худлыг үнэн болгох ажил ч идэвхжиж байна. “Гөлөг төөрүүлэх” ажиллагааг хулгайч нар ихээхэн мөнгөөр зохион байгуулж байна. Их мөнгө зараад, нүүрсний хулгайгаа төөрөгдүүлж чадах уу? Үгүй л байх гэж их найдаж байна” гэж жиргэв.Жагсагчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээс харахад үнэхээр Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэн шиг "гөлөг төөрүүлэх ажиллагаа" эрчээ авсныг энэ өдрүүдэд тод харж болох юм.
0 сэтгэгдэлтэй