Арктик дулаарах тусам цагаан баавгайнууд 30 жилийн өмнөхтэй харьцуулахад вирус, бактери, паразитад өртөх эрсдэл улам нэмэгдэж байна гэдгийг шинэ судалгаа харуулжээ. Мөс хайлж байгаа нь цагаан баавгайн өвчлөлд хэрхэн холбоотой болохыг илрүүлэхийн тулд энэхүү судалгааг явуулсан байна. Энэхүү судалгааг явуулахдаа эрдэмтэд Аляска, ОХУ-ын хооронд оршдог Чукчийн тэнгист амьдардаг цагаан баавгайнуудын цуснаас дээж авч судалжээ.
Судлаачид 1987-1994 оны хооронд цуглуулсан дээжүүдийг шинжлээд, 30 жилийн дараа буюу 2008-2017 оны хооронд дахин дээж цуглуулсан байна. Эрдэмтэд 2008-2017 оны хооронд цуглуулсан цусны дээжүүдэд таван төрлийн вирус, бактери, паразит халдварласныг илтгэх химийн шинж илүү их байгааг илрүүлжээ. Цусны шинжилгээнээс баавгайн бие махбодод эдгээр халдвар хэрхэн нөлөөлснийг мэдэхэд бэрх. Гэхдээ АНУ-ын Геологийн албаны зэрлэг амьтдын биологич, доктор Карин Роде энэхүү үр дүн нь арктикийн бүх экосистем өөрчлөгдөж байгааг харуулж байна гэсэн юм.
Роде энэхүү судалгаа гучин жил хамран явагдсан гэдгийг онцолсон. Ийм хугацаанд судлахад далайн мөс ихээр багасаж цагаан баавгайн популяц хуурай газрыг ихээр ашиглах болсон байна. Цагаан баавгайнд илүү халдварлах болсон таван эмгэг төрөгч нь токсоплазмоз, неоспороз үүсгэдэг хоёр шимэгч, туулайн халуурал болон бруцеллёз үүсгэдэг бактери, нохойн өвчин үүсгэгч вирус байжээ.