ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Томуугийн тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Энэ оны нөхцөл байдлыг бүхэлд нь харвал амьсгалын замын халдвараар бүх насныхан өвджээ. Гэхдээ 5 хүртэл насныхан нийт халдвар авсан иргэдийн дунд хамгийн их байна. 10 мянган хүн ам тутамд 8 хүн томуу, томуу төст халдвар авчээ.
Дөрвөн аймагт халдвар идэвхтэй, 17 аймаг алаг цоог дэлдэлтийн түвшинд байна. Иймд бид халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлсэн.
Вирус болгон өөрийн онцлогтой. Хоёр хүртэлх насны хүүхдүүд синцитиал вирусээр илүүтэй өвдөж, хатгаа, улмаар ларангит болдог. Мөн архаг хууч өвчтэй өндөр настнууд энэ вируст өртөмхий.
Харин хоолой аргаж байгаа бол риновирусийн хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө. Энэ вирусийн онцлог нь гэр бүлийн, ажлын байрны орчинд, сургуульд гэх мэт оронд олон хүнийг нэг дор өвтгөдөг. Бохир гараар нүдээ нухах, хүүхдийнхээ ам хамрыг цэвэрлэх үед энэ вирус дамждаг.
Томуугийн А хүрээний H1N вирусийн халдвар авбал хоолой өвдөнө, толгой өвдөх, нус гоожих гээд удаан явцтай. Эмчид хандахгүй бол хоёрдогч бактерийг авч, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй.
Амны хаалтаа байнга зүүгээрэй. Энэ нь халдвараас гадна тоосжилтоос хамгаална.