АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын Холбооны /ЕХ/орнуудын эрх баригчид болон Европын зарим улсын удирдагчид Саудын Арабын Жидда хотноо болсон Украины асуудлаарх хэлэлцээний үр дүн болон 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Украины тал хүлээж авсан явдлыг сайшаажээ.
Ойрын үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцэнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гуравдугаар 12-ны мягмар гарагт шилжих шөнө мэдэгджээ. Д.Трамп Цагаан ордны өмнө сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, Украины тал гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн нь "чухал алхам боллоо" хэмээн онцолжээ. Үүний сацуу тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч мөн адил гал зогсоох хэлэлцээр байгуулахыг зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. ЕХ-ны эрх баригчид Жиддад болсон хэлэлцээний үр дүнг мөн өндрөөр үнэлэв. “Энэхүү хэлэлцээ бол Украины хувьд цогц, бат бөх, шударга энх тайвныг тогтооход чиглэсэн алхам болох магадлалтай” гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны Зөвлөлийн дарга Антониу Кошта нар олон нийтийн Х сүлжээнд бичжээ.
Украинд 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын саналыг Оросын тал дэмжихэд бэлэн байгаа эсэх тухайд дурдахдаа "бөмбөг одоо тэдний талбайд байна" гэсэн байна.
0 сэтгэгдэлтэй