Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.
Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэж, ҮХЦ-ээс хүлээн авахгүй татгалзаж шийдвэрлэлээ.
0 сэтгэгдэлтэй