АНУ-ын Техас мужид зогсоол дээр автомашинаа андуурч суусан хөгжөөн дэмжигч охид зэвсэгт халдлагад өртсөн хэрэг өчигдөр гарчээ.
Сүүлийн үед байх газраа андуурсан гэмгүй хүмүүс буудуулсан хэрэг тус улсад дараалан гараад байна. Остин хотоос зүүн зүгт оршдог Элгин хотын нэг супермаркетын зогсоол дээр энэ хэрэг гарчээ. Бэлтгэлээ тараад багийнхаа нэг гишүүний машинд дайгдан явах гэж байсан Хидер Рот андуураад өөр хүний машинд суусан байна. Машины зорчигчийн суудалд танихгүй эрэгтэй хүн сууж байгааг хараад охин түргэн бууж, найзынхаа машин руу явжээ. Гэтэл нөгөө эрэгтэй араас нь ирсэн байна. Рот найзынхаа машины цонхоор түүнээс уучлал гуйсан ч эрэгтэй шууд буу гаргаад гал нээжээ. Үүний улмаас Ротыг сум шүргэж, багийнх нь гишүүн 18 настай Пэйтон Вашингтон хөл болон нуруундаа шархадсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн Вашингтоны биеийн байдал хүнд, эмч нар дэлүүнийх нь нэг хэсгийг тайрахаар болжээ. Охид руу гал нээсэн этгээд болох 25 настай Педро Телло Родригез Жюниор гэгчийг цагдаа нар хэргийн газраас баривчилсан байна. Вашингтон, Рот нарын хөгжөөн дэмжигчдийн баг энэ долоо хоногийн сүүлээр Флорида мужийн Орландо хотод болох The Cheerleading Worlds тэмцээнд оролцохоор бэлдэж байжээ. Cүүлийн өдрүүдэд хүн байх ёстой газраа байгаагүйн улмаас зэвсэгт халдлагын хохирогч болсон өөр хоёр хэрэг гарчээ.
Тухайлбал Миссури мужийн Канзас ситид өнгөрсөн долоо хоногт 16 настай хар арьст хүү айлаас дүү нараа авах гэж явахдаа буруу айлын хаалганы хонхыг дараад гэрийн эзэнд нь буудуулж шархадсан.
0 сэтгэгдэлтэй