Япон улс Фүкүшимагийн атомын станцаас цацрагийн бохирдолтой усыг Номхон далайд асгаж эхэлсэн нь олон улсад түгшүүр, эсэргүүцэл төрүүлээд байна. Үүнээс шалтгаалан олон нийтийн түгшүүр, айдсыг дарах зорилгоор Номхон далайгаас барьсан загасыг идэж үзүүлэх явдал улстөрчдийн дунд эхлэж байна. Анх Япон дахь АНУ-ын Элчин сайд Рахм Эмануэль Фүкүшимагийн ойролцоох далайгаас барьсан загасыг энэ сарын 30-нд иднэ гэдгээ мэдэгдэж байсан.
Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр өдрийн хоолондоо далайн гаралтай бүтээгдэхүүн зооглож, орон нутгийн иргэдийн санаа зовнилыг багасгахыг хичээжээ. Ерөнхий сайд Хан Дак Сүтэй долоо хоног бүр хийдэг уулзалтынхаа үеэр ерөнхийлөгч загас идсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын цайны газрын ажилтнуудын мэдээлснээр үдийн хоолны цэсэнд түүхий загас байсан гэв. Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлдээ, манай цайны газрын өдрийн хоолны цэсэнд Даваа гаригаас эхлэн долоо хоногийн турш өдөр бүр солонгос далайн бүтээгдэхүүнээр үйлчлэхээр болсон гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын засгийн газраас Фүкүшимагийн усыг далайд асгахад шинжлэх ухаан, техникийн асуудалгүй гэж мэдэгдсэн ч тус улсын иргэд үүнийг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Үүний зэрэгцээ Хятад улс нь Японы үйлдлийг эсэргүүцэн тус улсаас авдаг далайн гаралтай бүх бүтээгдэхүүний импортод хориг тавьсан.
Фүкүшимагийн станцын ойролцоох далайн усанд хийсэн шинжилгээгээр ямар ч цацраг идэвхт бодис илрээгүй гэж Японы байгаль орчны яамнаас өнгөрсөн Ням гаригт мэдээлсэн. Гэсэн ч загас агнуурын үйлдвэрүүд далайн хүнсний хэрэглээ огцом буурахаас эмээж байна.
0 сэтгэгдэлтэй