Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "нүүрсний
хулгай"-н хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон ажлын хэсгийн үйл
ажиллагааны талаар мэдээллээ. Тэрбээр "Нүүрсний хулгай гэх
хэрэгтэй холбогдуулж, нүүрсний хулгайн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг
үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Хамгийн эхнийхээ хурлыг өчигдөр хийсэн. Ажлын
хэсэг ямар чиг үүрэгтэй ажиллах вэ гэдгийг бид ярилцаад, мөрдөн шалгах
ажиллагаанд Засгийн газрын харъяа агентлагуудын мэдээ мэдээллүүдээр түргэн
шуурхай хангах, нарийн мэргэжлийн шинжээч экспертүүдийн дүгнэлт гаргахад
дэмжлэг үзүүлж ажиллах, Засгийн газар хоорондын эрхзүйн талаар харилцан
туслалцах гэрээний үндсэн дээр гадаад улсуудаас хил гаалийн мэдээ мэээллүүдийг
гаргуулж ажиллах үндсэн зарчим дээр тохиролцсон. Ажлын хэсгийн хуралдааны дараа мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн.
Урд шөнө "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар
ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман иргэнийг хойшлуулашгүй журмаар
баривчилсан. "Хишиг арвин индустриал" компанийн Гүйцэтгэх захирал
Б.Хишигдорж нарын гурван хүн, "Эрдэнэс Тавантолгой"-н захирал асан
Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан.
Баривчлах болсон үндэслэл нь Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн
Гүйцэтгэх захирлаар ажиллах үелээ өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй
гэсэн нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсныг үндэслэн,
цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн баривчилсан гэдэг мэдээллийг
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгээс бидэнд
ирүүлсэн. Өнөөдөр мөрдөн шалгах
ажиллагаа үргэлжилж байна. Дээр дурдсан баривчлагдсан хүмүүсийн орон байранд
үзлэг, шалгалт хийх ажиллагаа үргэлжилж байна. "Хишиг арвин
индустриал" компанийн оффист үзлэг, нэгжлэг хийгдэж байна. Баривчлагдсан
хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. "Хишиг арвин индустриал"
компани "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулснаас хойш хөрс хуулах
ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын
нэг юм" гэв.