728 x 90

Астероидын мөргөлтөөс боссон их тоос үлэг гүрвэлүүдийг устахад нөлөөлжээ

Астероидын мөргөлтөөс боссон их тоос үлэг гүрвэлүүдийг устахад нөлөөлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Одоогоос 66 сая жилийн өмнө дэлхийтэй мөргөлдсөн аварга том астероидын нөлөөгөөр үлэг гүрвэлүүд сүйрсэн гэж үздэг. Өнөөдрийн Мексик улсын Юкатаны хойгт оршдог Чикшулуб нэртэй тогоо нь астероидын мөргөлтөөр үүссэн юм. Энэхүү гамшгийн улмаас тухайн үед манай гараг дээр оршиж байсан амьтны төрөл зүйлүүдийн 75 хувь устсан гэдэг. Тэдгээрийн дотор нисдэгээс бусад бүх төрлийн үлэг гүрвэлүүд багтаж байжээ. Гэхдээ астероидын мөргөлтийн дараах яг ямар үр дагавар амьтдын мөхөлд нөлөөлсөн талаар эрдэмтэд маргалдсаар ирсэн. Тухайлбал галт уулуудын дэлбэрэлт, их гал түймэр, агаар мандал дахь хүхрийн хүчлийн хэмжээ зэрэг хэд хэдэн хүчин зүйл яригддаг юм.Тэгвэл Бельгийн хэсэг эрдэмтэд астероидын мөргөлтийн дараа дэлхий дээр юу болсныг компьютер  загварчлалын аргаар судалж, дүгнэлтээ Nature Geoscience сэтгүүлд нийтлүүлжээ. Тэдний дүгнэлтээр дэлхийн амьд ертөнцийн сүйрэлд хамгийн гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь астероидын мөргөлтөөс боссон их тоос байсан байна. Астероидын мөргөлтийн дараа 2,000 тэрбум тонн хүртэл хэмжээтэй тоос 15 жилийн хугацаанд агаар мандалд тогтож байжээ. Үүний улмаас нарны гэрэл газарт тусахаа больж, ургамлуудын фотосинтезийн үйл явц хоёр жил орчим хугацаанд тасалдсан байна. Энэ үеэр дэлхийн агаарын дундаж температур Цельсийн 15 хэмээр буурч, үлэг гүрвэлүүдийн хүнс болдог ургамлууд үхжээ. Бутарсан чулуулгаас үүссэн их тоос “фотосинтезийн үйл явцыг тасалдуулснаар манай дэлхийд амьд ертөнцийн сүүлчийн их сүйрэл (тав дахь галав юүлэлт) явагдсан байна” гэж Брюссель дэх Бельгийн Хааны нэрэмжит Судалгааны Хүрээлэнгийн эрдэмтэн Сем Берк Сенел бичсэн байна. Тэр дундаа силикатын бутралаас үүссэн тоос нарны гэрлийг хаахад хамгийн их үүрэг гүйцэтгэснийг компьютер загварчлалын үр дүн харуулсан тухай Брюсселийн Чөлөөт Их сургуулийн геологич Филип Клэйс бичсэн байна.

“Энэ бол сүүлийн хагас тэрбум жилийн хугацаанд дэлхийг мөргөсөн хамгийн том астероид бөгөөд нэг тэрбум гаруй цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй ижил хүчтэй байжээ. Гэхдээ энэ мөргөлт үлэг гүрвэлүүдийг мөхөөсөн гол хүчин зүйл биш. Тэднийг сүйрэлд хүргэсэн гол зүйл бол астероидын мөргөлтөөс үүссэн асар их тоос юм. Уг тоос нарны гэрлийг хэдэн жилийн турш хааж, дэлхийг хөргөсөн байна. Энэ бол үлэг гүрвэлүүдийг нэг дор биш, алгуур устгасан чимээгүй алуурчин байжээ” гэж дээрх судалгаанд оролцоогүй Эдинбургийн их сургуулийн палеонтологийн профессор Стив Брюсэйт хөндлөнгийн дүгнэлтдээ бичжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ