ЗГХЭ-ийн сайд Н.Учрал өчигдөр буюу ням гарагт иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд дээрх асуудлаар ажиллаж, иргэдийн гомдол саналыг сонсжээ.
Тэрбээр, "Олон асуудал овоорсон байна. Тэр дотроосоо эмээсээ жор нь илүү чухал болсон асуудал иргэдийн дунд тулгамдсан асуудал болж хувирлаа. Өвчин зовлонтой хүнд цаг явж өгдөггүйг би өөрөө сайн мэднэ. 24 цагийн эмийн сан байлаа ч гэсэн 24 цагийн жор гэж алга. Нэг ёсондоо өвдөөд зовоод ирсэн хүнээс жор нэхдэг, жорыг заавал цаасаар шаарддаг энэ байдлыг зогсоогооч ээ гэж иргэд хүсэж байна.
Би өнгөрсөн хугацаанд Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төр, хувийн, өрхийн гээд бүхий л эмнэлгүүдийг мэдээлэл солилцох боломжоор хангах ажлыг хийсний үндсэн дээр гар утсан дээр "И-Монголиа"-д бүх эмийн жор, өвчний түүхүүд бүгд орсон байдаг. Гэсэн хэдий ч яагаад өнөөдөр эмийн санд ажиллаж байгаа хүмүүс иргэдээс цахим биш цаасан жор нэхээд байгаа юм бэ гэдэг асуулт асуугдсаар байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн заасан заавал цаасаар жор бичих биш бидний бэлтгэсэн, хэрэгжүүлж байсан цахимаар шууд жор бичих буюу эмчлэх эрхтэй, жор бичих эрхтэй бүх эмч нар гар утсаа гаргаад иргэдэд жор бичих бололцоог хангах системийг хэрэгжиж эхлэх үүрэг даалгавар өгнө" хэмээсэн юм.
0 сэтгэгдэлтэй