Саудын Арабын нийслэл Риядад өчигдөр зохион байгуулагдсан олон улсын шонхор болон ан агнуурын үзэсгэлэн 2025-ны дуудлага худалдаа боллоо. Энэ үеэр Монгол шонхорын үнэ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Дуудлага худалдааны үеэр нас бие гүйцсэн Монгол шонхор 173,276 ам. доллараар ( Монгол төгрөгөөр 630 сая ) зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй шонхор шувуугаар нэрлэгдсэн байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлох хэсэг нь анх удаа Монгол шонхорт зориулсан тусгай бүс байгуулагдсан бөгөөд Саудын болон бүс нутгийн шонхорчдын дунд Монгол шонхор өндөр үнэлэмжтэй байдаг тухай хэвлэлүүд онцолжээ. Монгол шонхор том бие, урт далавч, нислэгийн хүч, тэсвэр хатуужлаар бусдаас ялгардаг байна. Түүнчлэн Монгол хүр шонхор нь эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар, хурдан сурах онцлог, өнгөний олон янз байдаг бөгөөл дэлхий даяарх анчид, шонхорчдын сонирхлыг татдаг байна.