728 x 90

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээхээр болжээ

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээхээр болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 2023 оны 11 дүгээр сарын 14-ний мягмар гаригт тохиож байна. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд "Чингис хаан" одон гардуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил тус хүндэтгэлт төрийн одонг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж яваа "Морин хуурын чуулга" Чингис хаан одонг хүртээхээр болжээ.

“Чингис хаан” одонг нийт 13 эрхэм, нэг хамтлаг өмнө нь хүртэж байв.

  • Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, 2005 он;

  • Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, 2006 он;

  • 2007-2008 онд завсарласан;

  • Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, 2009 он;

  • Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, 2010 он;

  • Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Н.Багабанди, 2011 он;

  • Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, 2012 он;

  • Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд Д.Содном, 2013 он;

  • Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Х.Намсрай, 2014 он;

  • Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, 2015 он;

  • Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, 2016 он;

  • Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, 2017 он;

  • Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглож, эх хэлээрээ уран бүтээлээ туурвин дэлхий дахинаа Монголын соёл урлагийг сурталчилсан “The Hu” хамтлаг, 2019 он;

  • 2020 онд цар тахлын улмаас тус тэмдэглэлт өдрийг цуцалсан болно.

  • Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад, 2021 он;

  • Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, 2021 он;

  • 2022 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготов, АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт тус тус хүртээсэн юм.

Сануулахад, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилгаар “Чингис хаан” одонг хүртээж эхэлсэн. Ингэхдээ Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж олгохоор тогтоож, эхний зургаан хүнд гардуулж байв.

Харин үүний дараа тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан байдаг.

"Чингис хаан" одонг олгодог болох шийдвэрийг анх 2005 онд гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтсон билээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ