Канадын Эдмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болов. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Хэрлэн мөнгө, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Ах, дүү уулчид маань мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж байна. Н.Хэрлэн Ази тивийн хошой аварга, дэлхийн цомын алтан медальтай бол Н.Сэлэнгэ Ази тивийн хүрэл медальт тамирчин юм.
Түүнчлэн мөсөнд авиралтын дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальт Ч.Мандахбаяр гурван тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлснээр тэргүүн байрын шагналын тавцанд зогсож, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Ингэснээр Монголын тамирчид багаараа тэргүүлж, дэлхийн чансааг өнгөлж байна. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн мөнгө, спортын мастер О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ нар хүрэл медалиар энгээрээ мялааж, монголчууд тус дэлхийн аваргад багаараа тэргүүн байрт шалгарчээ.