Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол маргааш 10 цагаас Төрийн ордонд болохтой холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг хуульд заасан хугацааны хамгийн богино буюу 14 хоногийн хугацаанд сонсголыг зарлаж, маргааш зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасныг тодотгоод сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс орон даяар шууд дамжуулах боломжтойг хэлэв. Сонсгол нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул тус байнгын хорооны ирцээр явагдах бөгөөд Монгол Улсаас 2020-2022 онд нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан, үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтейк болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай, нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл, шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаар гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулна.
Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, төрийн өмчит компани, хувийн өмчит компанийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулахаар дуудсан байна. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ мөн тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас сонсголд оролцохоор бүртгүүлснийг тэмдэглэж, ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөллүүд оролцоно. Сонсож байгаа асуудалтай холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл санал хэлэх, мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсний дагуу сонсголд оролцогчдоос санал, үг хэлэх боломжийг хангана гэдгийг хэллээ.
0 сэтгэгдэлтэй