Олон улсын “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцож, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Өмнөх дээд амжилт нь 21 удаа суниасан байдаг аж. Жүжигчин С.Оюун-Эрдэнэ 6 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж олон улсын “Нарны цирк”-т 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд түүнтэй хамт тус циркийн акробатчин Люси (Lucie) гар дээрээ хойшоо хамгийн олон үсэрсэн (back handsprings) үзүүлбэрийг гүйцэтгэж Гиннесийн дээд амжилтыг шинэчилсэн байна.
Уран нугараач С.Оюун-Эрдэнэ “Нарны цирк”-ийн 4 шоунд оролцож байсан бөгөөд Лондон хотын алдарт Рояль Алберт Холл театрт 2024 оны нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 3-нд шинэчилсэн тайзны найруулгатайгаар үзэгчдэд хүрч буй тус циркийн “Alegrнa-In A New Light” шоунд оролцож байгаа юм.
0 сэтгэгдэлтэй