Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын үндэсний татварын алба парламентын гишүүдийн хүсэлтээр YouTube платформд хувиараа видео контент бүтээгч иргэдийн орлогын хэмжээг мэдээлжээ.
2021 онд тэдний нийт орлого 858.9 тэрбум вон ($650 сая) хүрсэн байна. Тэдгээрийн хамгийн өндөр орлоготой нэг хувьд нийт орлогын 25 орчим хувь буюу 243.9 тэрбум вон оногдож байжээ.
2019 онд Өмнөд Солонгост 2,776 контент бүтээгч татвар төлж байсан бол 2021 онд 4,219 болж өсчээ.
YouTube контент бүтээгчдийн тоо өссөнтэй холбоотойгоор тус улсын татварын алба 2019 оны есдүгээр сараас хойш тэдэнд зориулсан татварын шинэ ангилал нэвтрүүлж байжээ.
Энэ хугацаанд тэдний төлдөг татварын хэмжээ ч эрс өссөн байна. 2019 онд контент бүтээгчдийн төлсөн нийт татвар 18.12 тэрбум вон байсан бол 2021 онд 243 тэрбумд хүрчээ.
Өмнөд Солонгосын хууль тогтоогчид YouTube контент бүтээгчдийн татвараас зайлсхийх боломжийг хаахын тулд хуулийн заалтыг илүү нарийн, тодорхой болгохоор ажиллаж байгаа юм байна.
“Зарим YouTube-чид үзэгч фэнүүдээсээ хувийн, эсвэл крипто дансаар хандив авдаг нь татвараас зайлсхийх боломж олгож байна. Татварын алба тэдний сайн дураараа татвар төлөхийг хүлээж суухын оронд нуугдмал орлогыг илрүүлэх арга хэмжээг авах шаардлагатай” гэж парламент дахь гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын хууль тогтоогч Хан Бюн До ярьжээ.
0 сэтгэгдэлтэй