728 x 90

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын идэвхтэй ажиглагчийн байр сууриа чанд баримталж ирсэн

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын идэвхтэй ажиглагчийн байр сууриа чанд баримталж ирсэн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Бишкек хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуралдаанд оролцож үг хэлсэн юм. Тэрээр " Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын идэвхтэй ажиглагч байх байр сууриа чанд баримталж ирсэн билээ.

Энэхүү бодлогынхоо хүрээнд өнгөрсөн хугацаанд манай улс нийт оролцогч улс оронтой бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирлээ.

Монгол Улс цаашид ч ШХАБ-ын оролцогч орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байна.   

ШХАБ-ын оролцогч улс орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг Монгол Улсын хувьд уриалж байна. Далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэр оруулна.

Мөн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг томоохон зорилт дэвшүүлэн, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийг бид амжилттай өрнүүлж байгаагаа мэдээлэхэд таатай байна. Эдгээр төсөл хөтөлбөрт ШХАБ-ын оролцогч орнуудтай мөн хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байна. 

ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг бөгөөд уламжлалт Стратегийн түнш хоёр хөрш оронтой улс төрийн болоод эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүс нутаг дахь хөгжил цэцэглэлтийн төлөө өргөн салбарыг хамарсан хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг бид эрмэлздэг билээ.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын холбогдох төслүүдтэй уялдуулах боломжтой байна" гэлээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ