Иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Өөрөөр хэлбэл, хууль сахиулагчийг эсэргүүцэх, эд хөрөнгө устгах гэмтээх, худал мэдээлэл тараах хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2022 оны долоодугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан гэдэг.
Улмаар мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн. Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр жил хорих ял оноосон талаар тус улсын Интерполын үндэсний төв товчооноос мэдээлэл ирүүлсэн байдаг. Тэгвэл интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна гэх мэдээллийг Улсын Ерөнхий прокуророос өглөө.
0 сэтгэгдэлтэй