1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ, ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгээр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн билээ. Тэд гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.
Хамтарсан нислэгээр 36 туршилт хийсэн
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийжээ. Энэ нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхлэлийг тавьжээ.
Өдгөө манай улс сансраас мэдээлэл авч, байгаль газарзүй, уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.
ЗХУ-Монголын найрамдалд тодоор үлдсэн үйл явдал
Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нар тийнхүү “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу социалист хамтын нөхөрлөлийн орны хэрэгжүүлж буй сансрын шинжилгээ судалгааны экспедицийн буухиаг хүлээж авчээ.
Тэдний хамтын нислэг социалист интернационалийн хүч, энх тайвны эрх ашгийн үүднээс нийт хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд байв. Зөвлөлт-Монголын хамтарсан баг сансарт анх удаагаа ниссэн Юрий Гагарины домогт нислэгийн 20 жилийн ойн өмнөхөн болжээ.
Хоёр орны хамтарсан сансрын нислэг Зөвлөлт-Монголын найрамдлыг хөгжүүлж, бэхжүүлэх он дарааллын бичигт яруу тод үйл явдал болсон юм.
0 сэтгэгдэлтэй