Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадам өндөрлөлөө. Уг кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулсан байна.
Уг наадмын “Шилдэг уран сайхны кино”-гоор найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ шалгарсан. Тус уран сайхны кино нь олон улсын 17 кино наадамд сонгогдон шалгарч, нэр дэвшиж байсан. Мөн тэрээр есдүгээр сард АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдсан “Chicagos Asian pop up cinema” фестивальд “Карьерын оргил амжилт” шагналыг хүртэж байсан. Түүний найруулагчийн анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” киноноос Монгол сүнс мэдрэгдсэн, гайхалтай уран бүтээл болсон гэж тус фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа хэлсэн байна.
“ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” кино нь Vancouver International Film Festival-н Vanguard уралдаант хэсэгт шалгарч Дэлхийн нээлтээ хийснээс хойш 95 дахь удаагийн Оскарт эх орноо төлөөлөн оролцож мөн Энэтхэг, Иран, Итали, Канад, Швейцар, Солонгос, Польш, Испани, Америк, Нидерланд, Хятад, Хонконгийн нийт 12 кино фестивалиудад шалгарч, Тайвань болон Итали улсуудын кинотеатруудаар гаран, Монгол орныг дэлхийн үзэгчдэд таниулж байгаа уран бүтээл юм.
0 сэтгэгдэлтэй