Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын мөнгө, зээлийн мэдээллийг танилцууллаа. Энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9 их наяд төгрөг буюу 27 хувиар өссөн байна. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 5.8 их наяд, төгрөгийн харилцах 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламж 20.2 их наяд төгрөг байгаагийн 86 хувийг иргэдийн, 14 хувийг аж ахуйн нэгж байгууллагынх эзэлж байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 34.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн 8.6 их наяд төгрөгөөр өссөн. Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувийг иргэд, 38.3 хувийг хувийн байгууллага, 0.7 хувийг төрийн, нэг хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна. Нийт өрийн үлдэгдлийн 90.5 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг анхаарал хандуулах, 5.7 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.
0 сэтгэгдэлтэй