Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байгаа юм. Сонсголын эхэнд “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ асуудлын хүрээнд тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад ийн хариулсан юм.
-Тухайн үед төр төлөөлж шийдвэр гаргаж байсан хүмүүсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирээгүй байна. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээр ахлуулж байгуулсан. С.Баярцогт сайдаас төлөөлөөд ерөнхий асуулт асууя. АСЕМ буюу Ази Европын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдрийн түр хорооны хүрээнд энэ хуралдааны улс төрийн бусад үр дүн ач холбогдлын талаар хэлэлцэхгүй. Зөвхөн арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой Хөгжлийн банкны эх үүсвэр гарсан. Түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байна. Уг уулзалтыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохион байгуулъя гэдэг шийдвэрийг хэзээ яаж шийдсэн бэ?
-Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлтэй өдөр тохиож буй учраас сэдвийн гадуур ганц зүйл хэлэхийг хүсч байна. 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан. Энэ гэрээ Монголчуудын хувьд гурван УИХ, таван Засгийн газар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Оюутолгойн үйлдвэрлэл ил болон гүний уурхайгаас бүрддэг. 20 хувь нь ил уурхай, 80 хувь нь далд уурхайгаас бүрддэг.
-С.Баярцогт сайд аа, би таны яриаг таслах нь ээ. Танд үг хэлэх бололцоог олгосон шүү дээ. Нотлох баримтын хүрээнд ярьчих.
-Би яагаад энийг ярьж байна гэхээр найман жилийн өмнөх асуудлыг надаас асууж байна. 14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулаад гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдрээд анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа өдөр юм. Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын зүгээс Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АСЕМ гэдэг бол Ази, Европын дээд хэмжээний уулзалт. Европын 30, Азийн 21 орон олон улсын хоёр байгууллага орсон маш том нээлттэй платформ байгаа. Ингээд 12 жилийн дараа Монголд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдсэн. АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг.
Ер нь дэлхийн хүн төрөлхтөн олимпын тоглолтыг дөрвөн жилд нэг удаа хүлээдэг. Дэлхийн экспог таван жилд нэг удаа хүлээдэг. Энэхүү уулзалтыг зохион байгуулалт сайтай хийхгүй бол улс орнууд ашиггүй гардаг тохиолдол бий болдог. 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ерөнхийлөгч АСЕМ-ийг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах, АСЕМ-ийн 11 дэх хэмжээний дээд хэмжээний уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан. Ажлын хэсэг, Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулсан. Үндэсний зөвлөлийн орлогчоор гадаад хэргийн сайд, ЕТГ-ын Тамгын газрын даргыг томилуулж ажиллуулсан. ЗГХЭГ-ын дарга Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа.
Дараа нь АСЕМ-тай холбогдуулаад Монгол Улсыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үед 21 дүгээр зүйлд Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт чиглэлийн энхийг эрхэмлэсэн, нээлттэй идэвхтэй олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн бүлгийн 21.1.4-т уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах ийм шийдвэрийг УИХ гаргасан.
-Тухайн үед Хөгжлийн банкны эх үүсвэрээр бонд гаргаж арга хэмжээг санхүүжүүлье гэх шийдвэр ҮАБЗ-өөс гарч байсан. Ц.Элбэгдорж ирсэн бол асуух байсан. Та өөрийнхөө мэдэх хүрээнд уг асуудал хэзээ ҮАБЗ-д яригдсан талаар хариулна уу?
-Сонсголд урьсан явдалд хувийн зүгээс талархаж байна. АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Өмнө нь хийгдсэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас судалсан. 9 дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдахад дэд бүтэц байгаагүйгээс шалтгаалан АСЕМ Вилла гэж байгуулаад, дараа нь ашиглаж чадаагүй гашуун туршлага байсан.Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан.
Их тэнгэрт байгуулагдсан нөхцөлд хувийн хэвшил орж ажиллахгүй гэдэг зүйлийг хувийн хэвшил санал болгосон компаниудад мэдэгдсэн юм билээ. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.
Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан.
Тухайн үед Монгол Улсын эдийн засаг агшсан учраас ОУВС-тай Standby хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс их хөрөнгө оруулалтыг, зардлыг хязгаарласан. Иймд үед бүтээн байгуулалтыг яаж явуулах тухай асуудал гарсан тул төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн Банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн Банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан.
- Хуулийн дагуу гэж хэллээ. Хөгжлийн Банкны тухай хуульд заасанчлан хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас баталсан байх гэдэг хууль зүйн үндэслэлийг зөрчиж, УИХ-аас шийдвэр гараагүй байхад ХБ-наас санхүүжилт олгогджээ гэдгийг нотолсон гэх тус банкны өөрийнх нь хууль зүйн дүгнэлт байна. УИХ нь Хөгжлийн Банкны гаргасан шийдвэрийг дараа нь нөхөж гаргадаг этгээд мөн үү, тухайн үеийн Хөгжлийн Банкны ТУЗ УИХ-аар дараа нь нөхөж гаргуулна гээд Хөгжлийн Банкны хуулиа зөрчөөд явдаг байсан юм уу, Засгийн газар ийм асуудал шийдвэр гаргадаг байсан хэрэг үү?
- Хөгжлийн Банкны хуулийг боловсруулж батлуулсан учраас маш сайн мэдэж байна. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд 2011 оны Хөгжлийн Банкны хуулийг хүчингүй болгосон. Тэр дотор хамгийн чухал заалтыг байхгүй болгосон. Тодруулбал, уг хуулийн 8.1-д Хөгжлийн Банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан.
- АСЕМ виллатай холбоотой УИХ-ын дүгнэлт гараагүй байхад шийдвэр гаргасан гэх Хөгжлийн банкны өөрсдийнх нь хуулийн дүгнэлт байна?
-Үүнийг Хөгжлийн банкнаас асуух хэрэгтэй. Хаврын чуулганаар ирэх жил хийх бүх том төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг. Энэ дотор зорилт 21.1.4-т Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна гээд УИХ тогтоолоороо баталсан.
0 сэтгэгдэлтэй