ОХУ-ын шүүхээс Сибирийн сэтгүүлч Михаил Афанасьевыг Орос Украинд түрэмгийлсэн тухай “худал мэдээ” тараасан хэргээр таван жил хорих ял оноолоо гэж The Moscow Times мэдээллээ.
ОХУ-ын Хакасийн “Новый Фокус” мэдээллийн хэрэгслийн ерөнхий редактор Михаил Афанасьев 2022 оны 4-р сард Украинд явуулах тусгай ажиллагаанд оролцохоос татгалзсан 11 Хакасийн байлдагчдын талаар " худал мэдээлэл" нийтэлсэн гэж буруутгажээ.
Хакасын төв дэх Абакан хотын шүүх Афанасьевыг буруутай гэж үзэн, 5.5 жилийн хорих ялыг энгийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурор 47 настай Афанасьевт зургаан жилийн хорих ял төлөвлөсөн байжээ.
Түүнчлэн шүүх Афанасьевыг суллагдсаныхаа дараа 2.5 жилийн хугацаанд сэтгүүлчийн ажил хийхийг хориглов.
Афанасьевын өмгөөлөгч ялыг давж заалдахаар төлөвлөж байна гэж пүрэв гаригийн шүүх хуралд оролцсон Оросын либерал Яблоко намын дарга Николай Рыбаков мэдэгдэв.
Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу цэргээ илгээсний дараа Орос улсын цэрэг дайны талаар "худал" мэдээлэл тараасан этгээдэд 15 хүртэл жил хорих ял оноож эхэлсэн юм гэж The Moscow Times мэдээллээ.
ОХУ-ын Хакас нь дорнод Сибирийн өмнөд хэсэгт Красноярскийн хязгаар, Тува, Бүгд Найрамдах Алтай Улс, Кемерово мужаар хүрээлүүлэн оршдог.
0 сэтгэгдэлтэй