Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч зорилтот бүлгийн иргэд, албан хаагчид нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр СХД-ийн Авто худалдааны төвийн баруун талын Хун нуур орчмын 10,000 гаруй м2 талбайд сайн дурын цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.
Хун нуурын эрэг орчим маш их хэмжээний бохирдол, том жижиг хогт дарагдсан байсныг цэвэрлэж, СХД-ийн Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-тай хамтран 1 машин хог ачуулжээ.
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс олон нийтэд эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж хамгийн чухал нь ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг уриалж байгаа аж.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн орон гэргүй иргэдийг түр хоноглох байр, халуун хоол цайны үйлчилгээнд хамруулж, эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.
0 сэтгэгдэлтэй