Украинд танк илгээнэ гэж Герман болон АНУ амласны дараа ОХУ-ын арми Украинд пуужингийн цохилт өгсөн. Цохилтын улмаас дор хаяж 11 хүн амиа алдав.
Пуужингийн довтолгооны дараа Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгалаа. Хоригийн хүрээнд экспортын хоригийн жагсаалтад бараа бүтээгдэхүүн нэмж, Оросын албан тушаалтнууд болон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг битүүмжилжээ.
"Украинд үүссэн нөхцөл байдлын дараа Япон улс энх тайвныг тогтоох олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахын тулд бусад томоохон улсын адил экспортын хоригийг хэрэгжүүлэх болно" гэж Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдэгдэлд дурджээ. Шинэ хориг арга хэмжээний хүрээнд Япон хоёрдугаар сарын 3-наас эхлэн ОХУ-ын 49 байгууллагад цэргийн чадавхийг нэмэгдүүлэхэд ашиглаж болох эд зүйлсийг тээвэрлэхийг хориглоно. Үүнд усан буу, хийн хайгуулын төхөөрөмж, хагас дамжуулагч төхөөрөмжөөс эхлээд вакцин, рентген шинжилгээний төхөөрөмж, тэсрэх бодис, робот зэрэг бүтээгдэхүүн багтана. Мөн гурван аж ахуйн нэгж, 22 иргэний хөрөнгийг битүүмжлэх болно. Үүнд, "JSC Irkut Corp" нисэх онгоцны компани, газар-агаар ангиллын пуужин үйлдвэрлэгч "MMZ Avangard" компани, Батлан хамгаалахын дэд сайд Михаил Мизинцев, Хууль зүйн сайд Константин Чуйченко нар багтана. Мөн Украины зүүн өмнөд нутгийн зарим хэсгийг Орост нэгтгэхтэй холбоотой Кремлийг дэмжигч 14 хүн багтжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Японыг "найрсаг бус" гээд, энэ шийдвэр Японтой харилцах харилцаанд тодорхой бус нөлөө үзүүлнэ гэж анхаарууллаа. "Япон улс эхнээсээ л найрсаг бус орнуудын тоонд байр сууриа эзэлсэн. Хоёр талын харилцаанд үр дагавар гарах нь гарцаагүй" гэж Песков сэтгүүлчдэд мэдэгдэв.
0 сэтгэгдэлтэй