Нээлттэй сонсгол
үргэлжилж байна. Хөгжлийн банкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн төсөлтэй
холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй шинжлэн судлах хоёр дахь шатны нээлттэй
сонсгол өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсголоор
эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн,
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Нийт 59 гэрчийг дуудуулсан. Тодруулбал, энэ
удаагийн нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын
гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /Сангийн сайдын алба хашиж байсантай нь
холбогдуулж гэрчээр дуудсан/ УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны захирал асан
Г.Амартүвшин, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Хяналт
шалгалтын газрын даргаар ажиллаж байсан Н.Батсайхан, Монголбанкны Хяналт
шалгалтын ахлах байцаагч Ө.Тайван нарын албаны хүмүүс ирсэн байна. Мөн Хөгжлийн
банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхсүх ирсэн. Хөгжлийн банкны
эрсдлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан О.Батбаатар, Г.Дөлгөөн нар
иржээ. Харин Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрүүл мэндийн
шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн бол мөн Монголбанкны ерөнхийлөгч асан
Н.Баяртсайхан гэрчээр дуудагдсан ч холбогдож чадаагүй. Сүүлийн жилүүдэд АНУ-д
амьдарч байгаа гэх мэдээлэл байгаа аж. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан
Б.Батбаяр гэрчээр дуудагдсан ч хуулийн байгууллагад мэдээллийн нууцыг задлахгүй
байх баталгаа гаргаж өгсөн тул оролцох боломжгүй гэж тайлбар ирүүлсэн. Хөгжлийн
банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдан
шалгагдаж байгаа тул нээлттэй сонсголд оролцох боломжгүй. Хөгжлийн банкны
Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан н.Чандмань гадаадад ажиллахаар
явсан, мөн АТГ-т шалгагдаж тухай бүрт мэдээлэл гаргаж өгсөн тул оролцох
боломжгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнай нь АТГ-т
шалгагдаж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэдэг тайлбар тус, тус ирүүлжээ.
0 сэтгэгдэлтэй