728 x 90

Ц.АРИУНБОЛД: Нүүрсний 8 хэрэгт 40 гаруй хүнийг шалгаж байгаа бол 3 хэрэгт холбогдох 20 хүний хэргийг прокурорт шилжүүлсэн

Ц.АРИУНБОЛД: Нүүрсний 8 хэрэгт 40 гаруй хүнийг шалгаж байгаа бол 3 хэрэгт холбогдох 20 хүний хэргийг прокурорт шилжүүлсэн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Төрийн ордны Их танхимд Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотойгоор жагссан иргэдийн тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө. Нийслэлийн  ерөнхий прокурор  Ц. Ариунболд нүүрсний хэргийн талаар ярилаа. 

Тэрбээр "Нүүрсний хулгайтай холбоотой хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотой 21 хэрэг бий. Нүүрсний хэргээс гадна авлига албан тушаал, мөнгө угаахтай холбоотой хэргээр шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 8 хэрэгт 40 гаруй хүнийг шалгаж байгаа бол 3 хэрэгт холбогдох 20 хүний хэргийг прокурорт шилжүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаа олон хэсэгт нотлох баримт цуглуулах шатандаа явж байна. Нотлох баримтад тулгуурлан яллагдагчаар татдаг. Баримтад тулгуурлан яллагдагчаар татах боломжтой бол Прокурор авч хэлэлцэнэ. Улмаар шүүхэд шилжүүлж, шийдвэр гарсны дараа гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Тиймээс одоогоор хэн нэгнийг шууд гэм буруутай гэж зарлах боломжгүй. Мөрдөх байгууллага, прокуророос БНХАУ руу хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хүсэлтээ хүргүүлсэн.

БНХАУ-ын хил гаалийн байгууллагуудад туслалцаа, дэмжлэг үзүүлэх, өөрөөр хэлбэл мэдээллүүдийг түргэн шуурхай ирүүлэх хүсэлтүүдээ тавьсан. БНХАУ туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэвлэл мэдээллээр илэрхийллээ гэж ойлгосон. Бидэнд энэ нь хэргийг шалгахад тус дөхөм болох болов уу.

Хэрэг мөрдөн байцаах шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдана. Хятадын талаас 2011 онд хэчнээн машин гарсан, ямар дугаартай машинууд байсан бэ гэсэн тоон мэдээллүүд авна. Мөрдөх байгууллагуудад цугласан нотлох баримтуудтай тулгаж үзнэ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа, бусад ажиллагаанууд хийгдэж байна.

ХЗДХ-ийн сайд саналаа хэлсэн болов уу? гэж ойлгож байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явагдана. Мөрдөгч хуулиар хүлээсэн чиг үүргээ бие дааж хийх ёстой хэсэг үйл ажиллагаа байгаа, прокурор, шүүхийн зөвшөөрөлтэй явагдах ажиллагаа байна. Хууль зүйн сайдыг хөндлөнгөөс оролцож байна гэж үзэхгүй байна.

Хаасан хэргүүдийг эргэж хянаж үзэж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт холбогдсон эсэх талаар мэдээлэл хэлэх боломжгүй байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын эрх хэмжээг хязгаарлах нотлох баримтууд гарч ирвэл Ерөнхий прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлнэ. Нүүрсний хулгай бол айлын амбаараас түмпэн шанага хулгайлаад үүрээд гарсантай адил хэрэг биш. Тодорхой хэмжээний зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж төсөөлж байна гэв


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ