728 x 90

Сэтгүүлч А.Баярмааг хорих саналаас татгалзаж, хилийн хориг, хязгаарлалт тогтоолоо

Сэтгүүлч А.Баярмааг хорих саналаас татгалзаж, хилийн хориг, хязгаарлалт тогтоолоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэтгүүлч А.Баярмааг  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах шүүгчийн захирамжийн дагуу 05 дугаар сарын 05-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн.


Прокуророос яллагдагч А.Баярмаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, оргон зайлж болзошгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлүүдээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Шүүх прокурорын гаргасан санал, яллагдагч түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцаад яллагдагч А.Баярмаад таслан сэргийлэх арга хэмжээний хамгийн хүнд төрөл болох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.


Хэргийг сануулахад, цагдаагийн байгууллагаас иргэн А.Баярмааг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалган ажиллагааг явуулж байгаа юм.

13.14.1 дүгээр зүйл

Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

17.6.1 дугаар зүйл

Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ