Холимог тулааны хамгийн алдартай холбоо болох UFC-гийн өдөн жинд Түмэндэмбэрэлийн Нямжаргал хэмээх монгол залуу олон жилийн гэрээ байгуулжээ.
Энэ жил 25 настай Т.Нямжаргал 2020 оноос холимог тулаанаар хичээллэж дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм.
Японы Гладитор холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед л хүнд цохилтоор буулгаж авснаар аваргын бүс эзэмших болсноор Т.Нямжаргал олны хараанд өртөж UFC холбооны өмнөх "Road to Asian"-д нударга зөрүүлэх боломжтой болсон.
Энэ боломжийг залуу тулаанч чадмаг ашиглаж өнгөрсөн онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялснаар UFC холбоонд гэрээ байгуулах сууриа тавьсан юм. Тэрбээр нийт найман тулааныхаа долоог нь үндсэн цагаас өмнө дуусгасан.
Түүнээс өмнө Д.Батгэрэл UFC холбоонд долоон тулаан хийж гуравт нь ялсан түүхтэй. Харамсалтай нь сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдсан тул UFC холбооны бүрэлдэхүүнээс хасагдсан юм. Өдгөө 34 настай Д.Батгэрэл одоо Каратэ-Комбат холбоонд эхний тулаанаа хийж Фрэди Массабог хүнд цохилтоор буулгаж авсан билээ.
0 сэтгэгдэлтэй